Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ

2020/04/02
Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ

Хотуудын хорт хавдартай тэмцэх ажилд техникийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх 18 дахь хотоор Улаанбаатар шалгарвал нийслэлд хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг шинэ шатанд гаргах боломж бүрдэх юм.
Өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн нар Францын Леон хотод төвтэй тус байгууллагын эмч мэргэжилтнүүдтэй цахимаар хуралдан, 3 дахь шатны шалгаруулалтын талаар ярилцаж, Улаанбаатар хот уг хөтөлбөрт хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. “Олон улсын хорт хавдрын хяналтын төв”-ийн Удирдах зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж, Улаанбаатар хотыг “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамруулах эсэхийг шийднэ.
Манай улсад жилд 6000 хүн, өдөрт 16 хүн элэгний хорт хавдраар өвчилдөг бөгөөд ихэвчлэн эцсийн шатандаа орж, хүндэрсний дараа оношлогддог тул жилд 3500-4000 хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Тэр тусмаа улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод хорт хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлт улсын дундаас доогуур буюу 30 хүрэхгүй хувьтай байгаа нь нийслэл болоод төр, засгаас анхаарахгүй байхын аргагүй тоо баримт гэдгийг Ж.Чинбүрэн эмч хэлж байлаа. “Өдгөө дэлхийн 17 хотод хэрэгжиж буй “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрийн сайн туршлага, үр дүнг Улаанбаатар хотод нэвтрүүлж, хорт хавдрын эрт илрүүлгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, оношилгоо, эмчилгээний арга зүй, стратеги боловсруулах зэрэг техникийн туслалцаа дэмжлэг авах боломжийг бүрдүүлэхийн төлөө миний бие анхнаас нь санаачилгатай ажилласан. Цаашид ч Хүн төвтэй хот бодлогын хүрээнд нийслэлийнхээ иргэд, оршин суугчдыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд сайн дураараа хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана. Иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэгт дугаарлаж байж үзүүлдэг биш, харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэгтээ хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, оношилгоог өгдөг байх боломжийг бүрдүүлнэ” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.

Улаанбаатар “Хорт хавдаргүй хот” хөтөлбөрт хамрагдсанаар хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэнэ  
С. Амарсайхан Facebook