Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ

2020/06/03
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм.

“Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд ахуйн хэрэглээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдарч байгаа бөгөөд гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын яндангийн утаа, сул шорооноос үүдэлтэй байна. Хот төлөвлөлтийн эмх замбараагүй төлөвлөлт нь нийтийн хэрэгцээнд зориулсан дэд бүтэц, барилга байгууламж барих орон зайн хомсдол үүссэн, төрийн үйлчилгээ, ажлын байр, бизнес эрхлэх зах зээлийн орчин хязгаарлагдмал зэрэг асуудлыг шийдэх төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж байна. Батлагдсан барилгажилтын төслийн дагуу шаардлагатай техникийн нөхцөлүүдийг гаргуулах, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт хийх зэрэг ажилд төслийн 1 дүгээр үе шатанд баримталж ажилласан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №198 дугаар тогтоолтой ижил баримт бичиг шаардлагатай байна” гэж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тогтлоо.

Дараа нь хуралдаанд Нийслэлийн нутаг дэвсгэр дэх цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Хотын Захирагчийн зүгээс газартай холбоотой асуудалд нухацтай хандах шаардлагатай. Ажлын хэсэг судалгаа, тооцооллоо сайн нягталж, зөвлөлийн хуралд дахин танилцуулах нь зүйтэй гэж үзлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон юм.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ  
С. Амарсайхан Facebook