Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна

2020/06/05
Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 1, 7 дугаар хороодын иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.  

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5-7 хувь өсгөж, нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулсан. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлж, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болгосны зэрэгцээ  төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэв.

Мөн азай буурлууддаа жилд 2 удаа “Насны хишиг” олгож, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталж, ахмадын зээлийг тэглэсэн зэрэг нь энэ Засгийн газрын оновчтой үйл ажиллагааны үр дүн байсныг тэд уулзалтын эхэнд онцолсон юм. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа эдгээр бүх хөтөлбөрөө улам өргөжүүлэн үргэлжлүүлж, үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150 000 ажлын байр шинээр бий болгоно гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулахаас гадна “Монгол мал-II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болох томоохон зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр хоёр нэр дэвшигчид онцолж хэлэв.

Төрийн байгууллагуудын хүнд суртал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл гарсаар байгаа нь төрийн албанд итгэх иргэдийн итгэл буурах шалтгаан нөхцөл болж байна. Иймд дээрх сорилт бэрхшээлийг даван туулах, монгол төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон төрийг цэгцлэх шаардлагын үүднээс гурван удаагийн Улсын Их Хурал дамжин хэлэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ УИХ баталлаа. Ингэснээр улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид хэлж байлаа.

Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажилласны үр дүнд утааг 50 хувиар бууруулж чадсан. Ирэх дөрвөн жилд агаар, орчны бохирдлыг нийслэл, алслагдсан дүүргүүд, аймгийн төвүүдэд 70-80 хувь хүртэл бууруулна. Иргэндээ ээлтэй, амьдрах таатай орчинтой нийслэл хот болгох зорилт дэвшүүлж дагуул хотуудаа хөгжүүлж, авто замаар холбон “Хөгжлийн алтан тойрог” үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинэчилж, орон нутгийн хөгжлийг дэмжих хатуу болон зөөлөн дэд бүтцийн сүлжээг сайжруулна. Бүс нутгуудад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн мега төслүүд хэрэгжүүлнэ гэдгийг мөн  иргэд сонгогчиддоо дуулгасан юм.

Уулзалтын үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж санал хүсэлтээ хэлж, өнгөрсөн хугацаанд Налайх дүүрэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж халуун баяр хүргэж байлаа.

Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Б.Оюунцэцэг “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж УИХ-д гаргасны үр дүнд Налайх дүүрэг хөгжин цэцэглэж байна. Ямар их зүйл хийж хэрэгжүүлсэн юм бэ гэдгийг өнөөдөр нэр дэвшигчдээсээ сонсоод дахин саналаа. Налайх дүүрэг хөгжлийн их шатанд гарах цаг нь болсон. Зам дэд бүтэц, инженерийн байгууламжууд хийгдээд эхэлсэн. Цаашид эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхийг хүсч байна. Налайхчуудаа бидний амьдарч буй дүүрэг хороодын хөгжин цэцэглэлт та бидний сонголтоос шалтгаална. Хийсэн бүтээсэн ажилтай, хөдөлмөрч залуучуудаа дэмжээрэй” гэв.

Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн н.Сэргэлэн “Шинэ Налайх хотхон дулааны шугам сүлжээ асуудалтай доголдолтой байсан. 2018 онд тухайн үеийн НИТХ-ын дарга одоогийн хотын Захирагч С.Амарсайхан танд  шийдвэрлэж өгөх хүсэлт өгснөөр одоо дулааны шугам сүлжээ бүрэн шийдэгдсэн. Танд манай оршин суугчид талархаж байгаа шүү. “Шинэ Налайх” хорооллыг Налайх дүүргийн замтай холбосон холбоос замуудтай болгож өгөөч гэдэг хүсэлт байна. 60 жилийн настай Налайхын замыг зургаахан сарын хугацаанд ашиглалтад оруулахад таны хүч хөдөлмөр, хөлс, тууштай зан чанар, бүтээлч сэтгэлгээ дайчин байдал Налайхчуудын бахархал юм. Бид Монголын их төрд бэлтгэгдсэн чадварлаг залуу хүүгээ төлөөлөл болгон илгээж байна” хэмээн халуун баяр хүргэсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна  
С. Амарсайхан Facebook