Ц.Сандаг-Очир: Багахангайд шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулна

2020/06/09
Ц.Сандаг-Очир: Багахангайд шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулна

МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллалаа. Дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон 2 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Өнгөрсөн жилийн хугацаанд Багахангай дүүрэгт Хүн төвтэй бодлогын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвийг шинэ байртай болгож, Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өгчээ. “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд “Гэр бүлд зөвөлгөө өгөх төв” “Түр хамгаалах өрөө” зэргийг байгуулж, “Багахангайн боловсрол-2020” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор шөнийн “Гэрэлт гудамж”, “Эко төгөл” зэргийг шинээр байгуулж, “Нэг хот-нэг стандарт” зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж, орон сууцны тохижилт засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гудамж талбайг сэргээн засварлажээ. Орчин төвтэй шийдлийн хүрээнд тус дүүрэгт Хотын дарга С.Амарсайханы санаачилгаар стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулжээ. Мөн Хангай цогцолбор сургуулийн сантехникийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, 44 дүгээр цэцэрлэгт “Багш хөгжлийн төв”-ийг нээж,  Ахмадын өргөөг байгуулж, Эрүүл мэндийн төвийн гадна тохижилтыг бүрэн хийж гүйцэтгэжээ.

Мөн зээлийн өрөнд байсан Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийг нийслэлийн өмчид буцаан авсан, төрийн албан хаагчид болон залуу боловсон хүчнийг орон сууцаар хангахаар 1 дүгээр хороонд 129 айлын орон сууцыг барьж байгаа юм. Түүнчлэн “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар ажлыг нь эхлүүлж, Цагдаагийн хэлтсийг шинэ байртай болгосон зэрэг хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудаас нэр дэвшигчид онцлон хэлж байв.

Цаашид  Багахангай дүүрэгт шинээр дулааны станцыг байгуулж гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн байгууламжид холбох, соёлын ордон барих, Улаанбаатар төмөр замын ачиж буулгах терминалыг байгуулахаар төлөвлөж МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан болохыг дуулгалаа. Олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн морин тойруулгын төв байгуулах талаар мөн танилцуулсан юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэлэхдээ “Бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алслагдсан бүс нутаг, аймаг сумдад томоохон аж ахуйн нэгж салбарыг байгуулах болно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж Засгийн газарт өргөн барьсан. Энэ бодлогын баримт бичигт дагуул хотуудыг бий болгож, зургаан дэд төвийг байгуулж гэр хорооллын айл өрхүүдийг дулаанаар хангана. Улаанбаатар хотыг бүсчилэн хөгжүүлэх ажлуудыг эхлүүлнэ. Нэн тэргүүнд иргэдийг ажилтай, орлогтой байх зарчмыг баримталж ажиллах болно” гэсэн юм.

Багахангай дүүрэгт “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулж, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээнэ. Эхлүүлсэн ажлуудынхаа үр дүнг гаргаж эхэлсэн энэ цаг үед үргэлжлүүлэн ажиллаж хамтдаа үр шимийг нь үзэцгээе. Алслагдсан гурван дүүрэг бус, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний бүс нутаг болж хөгжихийн тулд хүчээ нэгтгэж, хамтран ажиллацгаая” хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа.   

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэр иргэдийн зүгээс  өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд, тэр дундаа ахмадын зээлийг тэглэж, эдийн засгийн хямралын үед нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж өгсөнд  сэтгэл хангалуун байгаагаа дуулгаж байв. Мөн ирэх жилүүдэд хийгдэх төмөр замын терминал, соёлын ордон, дулааны цахилгааны станц, үйлдвэрлэл технологийн парк барьж байгуулах ажлуудыг эхлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж хамтдаа хүчээ нэгтгэх болно хэмээж байлаа. Иргэдийн зүгээс Багахангай дүүрэгт их, дээд сургуулиудыг нүүлгэх, малчдын амьжиргааг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээг дүүрэгтээ өгдөг болох асуудлыг хөндөж саналаа хэлцгээж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Ц.Сандаг-Очир: Багахангайд шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулна  
С. Амарсайхан Facebook