“Сэтгэл зүтгэл байвал ажил хийж болдгийг харуулж чадлаа” хэмээлээ

2020/06/13
“Сэтгэл зүтгэл байвал ажил хийж болдгийг харуулж чадлаа” хэмээлээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтаар нэр дэвшигчид өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас мэдээллээд “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонсов.

Өнгөрсөн хугацаанд Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 10 байршилд 120 автомашины зогсоол, амины орон сууцны 170 айл өрхийн гадна цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн 5 дугаар хороонд 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад орсон, 4 дүгээр хорооны Байдраг хэсэгт улсын хэмжээнд анх удаа халуун ус түгээдэг ухаалаг системтэй зөөврийн усан санг бий болгожээ. Мөн дүүргийн 1 дүгээр хороонд 850 хүний суудалтай Соёлын ордны барилгын ажлыг эхлүүлсэн гээд олон бүтээн байгуулалтууд өрнөж байгааг МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар уулзалтын үеэр иргэд, сонгогчиддоо дуулгалаа. Мөн цаашид Багануур дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлж, дэд бүтэц, аж үйлдвэрийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулахаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагджээ. Багануурын хүрэн нүүрсийг Налайх дүүрэгт баригдаж буй сайжруулсан түлшний хоёрдах үйлдвэрт ашиглах аж. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого нэмэгдэх эх үүсвэр тавигдах юм. Гэр хорооллуудад цэвэр, бохир ус, халаалтын хэсэгчилсэн инженерийн байгууламж барьж, цахилгаанд бүрэн холбох ажлууд эхэлнэ гэдгийг нэр дэвшигчид онцлон хэллээ.  

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгаад талархал илэрхийлж, 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, эрүүл мэндийн нэгдсэн төвд яаралтай түргэн тусламжийн автомашины тоог нэмэгдүүлж өгсөнд баяртай байгаагаа хэлж байв. Төрийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагатай, ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэж явахыг хүсээд, Багануур дүүргийг аж үйлдвэрлэлд тулгуурласан бүс болгон хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлж өгөхийг хүслээ.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан н.Доржбал “МАН-ын ахмад гишүүний хувьд захих олон зүйл байна. Намын эв нэгдлийг хангаж ажиллаарай. Ахмад гишүүдээс хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг эрхэмлэж яваарай. Ахмад үеийн залгамж халаа болсон залуу улстөрчид та бүхэн хонины ээлжээр битгий ажиллаарай гэж хатуухан хэлмээр байна. Ирэх сонгуулиар хийсэн бүтээсэн ажилтай, хэлсэндээ хүрсэн, хэлэх үгтэй нүүр бардам ирээрэй. Ирэх жилүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын талаар намын мөрийн хөтөлбөрийг нэг бүрчлэн уншлаа. Нийгэм, эдийн засагт томоохон шинэчлэлт гарахуйц мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Иргэд та бүхнээс хоногийн хоол, мөнгө төгрөг нэхэхгүй, бидэнд Улаанбаатар хотод амьдарч байгаа мэт хөгжлийг авчраарай гэж захимаар байна” гэв.

Багануур дүүргийн иргэн н.Сүхбаатар “МАН-аас нэр дэвшигчдийг сонгох шалтгаануудын нэг бол Улаанбаатарын утааг бууруулж чадсан явдал. Хийе гэсэн сэтгэл зүтгэл байвал ямар ч ажлыг хийж болдог гэдгийг харуулж чадлаа. Багануур дүүрэгтээ 8 жилийн дараа дахин ирэхэд маш сайхан хөгжсөн байна” гэв.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан н.Дорж “МАН-ын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцлаа. Төрийн төлөө түмэн олныхоо төлөө ажиллаарай. Та хоёрт маш их найдаж итгэл хүлээлгэж байна. Хууль бус, худал хуурмаг хариуцлагагүй төрийн албан хаагчидтай тэмцэж, ядарсан ард иргэдийнхээ төлөө шударгаар ажиллаарай” хэмээн захилаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

“Сэтгэл зүтгэл байвал ажил хийж болдгийг харуулж чадлаа” хэмээлээ  
С. Амарсайхан Facebook