У.Хүрэлсүх: Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой уулзаж, өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа тайлагнаж, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьсон “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
“Дампуурал зарласан эдийн засагтай улс орныг Монгол Ардын намын Засгийн газар хүлээн авч, төсвийн сахилга хариуцлагыг чангатгаж, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” хэрэгжүүллээ. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, 8.2 их наяд төгрөгийн өрийг төлж, эдийн засгийн өсөлт 7.1 хувьд хүрч, анх удаа улсын төсөв ашигтай гарч, гадаад валютын нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлж, 4 тэрбум ам.долларт хүргэлээ. Олон жил улстөржин гацсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж эхэллээ. “Газрын тос боловсруулах цогцолбор”, “Төв цэвэрлэх байгууламж” баригдаж, “Хийн хоолойн” томоохон төслийг эхлүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд 234 цэцэрлэг, 160 сургууль, 49 дотуур байр, 59 соёлын төв, 47 спорт заал, долоон спорт цогцолбор барьж дуусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар буурууллаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 жилийг дүгнэж, ирээдүйн 30 жилийн зорилгоо тодорхойлсон “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал боловсрууллаа. Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэд, сонгогчиддоо тайлагналаа. Ирэх дөрвөн жилд шударга ёсны хувьсгал өргөжиж, улс төрийн тогтвортой байдал, үндэсний нэгдмэл үнэт зүйлс бэхжиж, улмаар хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн үр шимийг иргэн бүрд бодитой хүргэх цогц бодлого хэрэгжүүлнэ. Нийгэмд шударга ёсыг тогтоох ажил үргэлжилнэ. Монгол хүн бүр байгалийн баялагийнхаа эзэн нь байхын төлөө Монгол төр ажиллана гэдгийг онцолж хэлсэн юм.
Мөн цаашид таван гол асуудлыг нэн тэргүүний шийдэл болгож хэрэгжүүлнэ гэв. “Улс орноо сайхан хөгжүүлэхийн төлөө ард иргэдээ эрүүл хүнс, амьдрах орон сууцаар хангана. Мөн эрчим хүчээр эх орноо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч улс болно. Нефтийн үйлдвэртэй болно. Энэ бол бидний 100 жилийн мөрөөдөл. Дэд бүтэц, харилцаа холбоог нэмэгдүүлнэ. Монгол Улс цахим улс болох ёстой. Энэ тав бол бидний хамгийн эхний хийх ажил” гэдгийг Ерөнхий сайд дуулгалаа.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Ардын нам энэ удаагийн сонгуулийн 21 дүгээр тойрогт С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг алслагдсан гурван дүүрэгтээ илгээлээ. Эгэл жирийн уурхайчин, малчны гэрт төрсөн хоёр залууд итгэл өвөртлүүлэн төрж өссөн, нутаг оронд нь нэр дэвшүүлж байна. С.Амарсайханыг хотын хөгжлийн төлөө өдөр, шөнөгүй ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Хороо, дүүргийн ажил ч мөн их. Энэ ажлыг амжилттай хийж яваа хүн бол Ц.Сандаг-Очир. Та бүхэн маань Ерөнхий сайдтайгаа хамт багаар нь дэмжиж өгөөрэй” гэдгийг хэлээд иргэд, сонгогчиддоо хандан Улсын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг уриалсан юм.
Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “30 жил орхигдож ирсэн алслагдсан гурван дүүрэг энэ жил анх удаа УИХ-д нэг тойрог болж оролцох боломжийг олгосон. Энэ бол та бидний хөгжлийн хамгийн том боломж. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд “Хотын соёл”, “Нэг хот-нэг стандарт”, “Аюулгүй хот”, нийтийн тээврийн парк шинэчлэл гээд олон ажлыг хийж хэрэгжүүлж эхэлсэн. Эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, монгол хүн бүр эх орондоо ажилтай, орлоготой байх боломжийг бий болгох зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ бүхний төлөө бид иргэд та бүхэнтэйгээ хамтран хүчээ нэгтгэн зүтгэнэ” гэв.
“Аж үйлдвэрийн ууган голомт болох Налайх дүүргийнхээ иргэд, сонгогчид та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Алслагдсан гурван дүүрэгт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ихээр өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнхээ эхлүүлсэн энэ олон ажлуудыг үргэлжлүүлэхээр бид хоёрыг багаар нь дэмжиж өгнө гэдэгт та бүхэндээ итгэлтэй байна” хэмээн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хэлэв.
Уулзалтын төгсгөлд Налайх дүүргийн иргэд, сонгогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон хоёр нэр дэвшигчдэд хандан эхлүүлсэн ажлаа дуусгах, их итгэлийг бид хүлээлгэх болно гэдгээ илэрхийлж байв. Энэ үеэр дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Наянбаяр “Налайх дүүрэг бол Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хүмүүс оршин суудаг. Өмнө нь бид бүхэн төвийн зургаан дүүргийн “хавчуурганд” явж ирсэн. Энэ удаагийн сонгуулиар бие даасан төлөөлөлтэй болох гэж байгаадаа баяртай байна. Налайхын дүүргийн залуус бид та бүхнийг багаар нь дэмжиж сонгоно” гэлээ.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб
У.Хүрэлсүх: Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй | |
С. Амарсайхан Facebook |