Багануурт баригдах цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

2021/02/09
Багануурт баригдах цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар болон бусад холбогдох албаныхантай өнөөдөр уулзлаа.

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа юм. 2017 оноос хойш тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалтай явж ирсэн энэхүү цахилгаан станцын барилга угсралтын ажил 4 жил, ашиглалтын хугацаа нь 21 жил байхаар анх гэрээнд тусгагджээ.

Жилийн хэрэгцээнд хоёр сая тонн Багануурын уурхайн нүүрсийг хэрэглэх тооцоо гарсан бөгөөд сүүлийн үеийн техник технологид суурилсан цахилгаан станц баригдахаар төлөвлөгдсөн. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болно. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан, үндсэн тоног төхөөрөмжийг оруулж ирэх гэрээ төлөвлөгдсөн, төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар төслийг гүйцэтгэгч тал танилцуулав.

Багануур-Чойрын район буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан эрчим хүчний ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр бий болгох, бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхэд энэ бол өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцлон хэлэв. Тэрбээр “Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний эрүүл мэндэд болоод байгаль орчинд хор нөлөөгүй, тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгэмд томоохон үр өгөөж өгөх, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх энэ мэт төсөл хөтөлбөрийг Монголын Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль журмын хүрээнд харилцан үр ашигтай ажиллах энэ төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд багагүй хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн учраас удахгүй миний бие Эрчим хүчний сайдтай хамт газар дээр нь очиж ажиллах болно” гэлээ.

Багануурт баригдах цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ  
С. Амарсайхан Facebook