“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно

2022/03/01
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно
Хувьчлал нэрээр үнэгүй авсан "Эрдэнэт Медипас" эмнэлгийг төрийн өмчид буцаан авах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллаж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Уг эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Ганцхан эмнэлэг биш 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч өнөөг хүртэл улсад ямар ч төлбөр төлөөгүй. Үүгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12,7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэтээр төрийн өмч үнэгүйддэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал цөөнгүй байгаа учраас эдгээрийг цэгцлэх ажилд Засгийн газар онцгой анхаарч байна” гэлээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Засгийн газрын тогтоол шийдвэрийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэнд танилцуулж, одоогийн ханшаар 120 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлэгийн цогцолборыг хүлээлгэн өгөв.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Иж бүрэн цогцолбор эмнэлэг хүлээн авч буй энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийн захирлын хувьд тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг цаашид бүрэлдэхүүнээр нь ажиллуулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай 95 дугаар тушаал гаргасан. Одоо бид цаашид тус эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж байна" гэсэн юм.
Медипас эмнэлэг нь 8 тасаг, 1 төв, 7 алба, нийт 16 нэгж, 19 лабораторитай үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн бүрэн автомат үйл ажиллагаа бүхий ариутгалын тасаг, эмнэлгийн нэгдсэн IT систем, улсдаа ганц байгаа ЭХО оношлогооны аппарат бүхий Япон улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг.
Түүнчлэн гадаад болон дотоодын нарийн мэргэжлийн эмч нарыг урт болон богино хугацаагаар урьж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилладаг юм байна.
 
 
 
 
 
 
 
 
 
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно   
С. Амарсайхан Facebook